Байгаль орчны хохирлын үнэлгээ

Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж байгаа хэдий ч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудал анхаарал татах болсон. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас уул уурхайн нөлөөллөөс байгаль орчныг хамгаалах; усны хагалбар, голын сав, ой сан бүхий газар, түүний хамгаалалтын бүсэд ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглох; уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр байгаль орчин ба хүний эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн.

Байгаль орчны хамгааллын асуудлыг зохих түвшинд хүргэхэд байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр тооцох, төлүүлэх явдал зайлшгүй хэрэгтэй бөгөөд энэ нь хууль бус үйлдэл, зүй бус ашиглалт, хэт ашиглалт зэргийг зохицуулахад чиглэсэн санхүүгийн зохицуулалтын оролдлого юм. Байгаль орчны хамгааллын зарчимд хохирлыг бүрэн арилгах зардлыг төлүүлэх гэсэн зарчмыг баримталдаг бөгөөд “Ашиглагч нь хамгаалагч байх”, “Бохирдуулагч нь төлдөг байх” зарчим нь ардчилсан нийгмийн тогтолцоон дахь шударга харилцаа мөн.

Сүүлийн жилүүдэд байгаль орчинд учруулсан хохирлыг илрүүлэх, нэхэмжлэх, үнэлэх, төлбөр гаргуулах шаардлага олонтоо тохиолдох болсон бөгөөд үүнд байгаль орчин, уул уурхайн хяналтын улсын байцаагч нар тодорхой эрх үүргээр хангагдан оролцож байна. Тиймээс байгаль орчин, уул уурхайн хяналтын байцаагч нарын чадавхийг сайжруулахад олон талт сургалтын үйл ажиллагаа явуулахаас гадна өдөр тутамдаа ашиглах гарын авлагаар хангах нь ихээхэн үр дүнтэй ажлын нэг юм.

Амьд организм оршин тогтнох, амьдрал байх асуудал нь амьдралын 5 хүчин зүйлээс хамааралтай бөгөөд эдгээр 5 хүчин зүйл нь нэг цаг хугацаа, нэг орон зайд, зохистой хэмжээнд бүрэлдсэнээр амьдрал оршин тогтнож байдгийг бүхэлд нь экологи гэж үзээд түүнийг судалдаг салбарыг экологийн шинжлэх ухаан хэмээн тодорхойлсон нь хүн төрөлхтөний нэгдмэл ойлголт болтлоо төлөвшиж чадсан байна. Амьдралын 5 хүчин зүйл нь байгаль дэлхий дээр цогцлон бүрэлдсэнээр манай дэлхийд амьдрал оршин тогтнож ирсэнийг судлаачид тайлбарладаг.

Экосистем гэдэг нь байгалийн хуулиар зохицуулагдсан амьдралын хүчин зүйлүүдийн нийлэмж бөгөөд тэдгээрийн тэнцвэртэй болон олон хэв шинжит байдал нь байгалийн хуулиар зохицуулагдахаас гадна амьдрал тэтгэх чадвар, чанар нь тодорхой үнэ цэнэтэй, чухал зүйл болохыг дээрх тайлбаруудаас ойлгож болохоор байна. Эндээс экологийн үнэ цэнийн тухай асуудлыг экосистемийн хүрээнд авч үзэхдээ амьдралын хүчин зүйлүүдийн нийлэмжит чанар, тэдгээрийн хослолоос үүссэн өвөрмөц онцлогийг тооцох шаардлагатай бөгөөд экологийн үнэ цэнэ нь эдийн засгийн үнэлгээнээс ямагт илүү өргөн цар хүрээтэй асуудал болохыг анхаарвал зохино.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуульд байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой асуудлыг дараах байдлаар томъёолон тодорхойлсон байна. Үүнд:

  • "Байгаль орчинд хортой нөлөөлөх" гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл/эс үйлдэхүй/ хамаарна.
  • “Байгаль орчинд учруулсан хохирол” гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхийн тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг
  • ”Байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр” гэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг тус тус хэлнэ гэж заасан бий.
Монгол Улсын Эрүүгийн хуульд “Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон байдаг.

“Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлд Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлөх харилцааг зохицуулсан бөгөөд “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна. Нөхөн төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Байгаль орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж зохицуулжээ.


Зургийн цомог