Уурхайн хаалт ба нөхөн сэргээлтийн менежментийн төлөвлөгөө

Нөхөн сэргээлт

Нөхөн сэргээлт гэж Эвдэрсэн газрын аж ахуйн үнэ цэнэ, бүтээмжийг сэргээх, хүрээлэн буй орчны нөхцөлийг нийгмийн ашиг сонирхолд нийцүүлэн сайжруулахад чиглэсэн цогц арга хэмжээг хэлнэ.

Монгол улсын “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хууль, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага нөхөн сэргээлтийн ажлыг Монгол улсын стандарт (MNS 5915:2008, MNS 5916:2008, MNS 5917:2008)-ын дагуу хийх үүрэгтэй.

Уурхайн үйл ажиллагааны явцад эвдрэх бүх талбайд техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлтийг хийнэ. Харин тухаан ордыг бүрэн ашиглаж дууссаны дараа хаалтын нөхөн сэргээлт хийгдэнэ.

Байгаль орчны нөхөн сэргээлтийн ажилд дараах зорилтийг үндсэн мөрдлөг болгоно. Үүнд:

  • Эвдэрсэн газрын унаган төрхийг сэргээх
  • Хурдас чулуулгийн инженер геологийн нөхцөлийг байгалийн үзүүлэлтэд ойртуулах
  • Нийгэм эдийн засаг, байгаль орчинд сөрөг нөлөөлөлгүй болгох
  • Цаашид газрыг ашиглах боломж бүрдүүлэх зорилготой юм.

Нөхөн сэргээлтийн ажлыг техникийн болон биологийн нөхөн сэргээлт гэсэн дэс дарааллаар гүйцэтгэнэ. Дараах үндсэн шатаар явагдана. Үүнд:

  • Төлөвлөлт, судалгааны ажил
  • Техникийн нөхөн сэргээлтийн ажил
  • Биологийн нөхөн сэргээлт ажил
  • Нөхөн сэргээгдсэн газрын мониторинг, хамгаалалт хийх ажил
  • Нөхөн сэргээлтийн дараах газар ашиглалт гэсэн үе шатуудаас бүрдэнэ

Уурхайн хаалт

Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад газрын гадарга болон хэвлийд ихээхэн хэмжээний эвдрэл үүсэж, экологийн тэнцвэр алдагдахаас гадна хүн, амьтны амьдрах орчинд сөргөөр нөлөөлөх, тэрчлэн уул уурхайн үйлдвэрлэлийг дагаж, шинээр барилга байгууламж баригдах, дэд бүтэц бий болох, ажлын байр болон орон нутгийн төсвийн орлого тодорхой хэмжээгээр нэмэгдэх зэргээр эерэг, сөрөг үр дагаврууд гарна. Иймээс уурхайн хаалтын үед дээрх өөрчлөлтүүдээс үүдэн бий болсон эерэг үр дагаврыг хадгалан үлдэх, сөрөг үр дагаврыг бууруулах, арилгах цогц арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай.

Үүний тулд төсөл хэрэгжүүлэгчид нь уурхайн техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний үр дүн, инженер-геологийн судалгаа, нөхөн сэргээлтийн ажилд ашиглах техник технологи, зураг төсөл, нөхөн сэргээлт хийхтэй холбоотой судалгаа шинжилгээний үр дүн зэрэгт тулгуурлаж, уурхайн хаалтын үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх ажил, түүнд шаардагдах зардлыг тусгасан “Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө” боловсруулна.

Уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөөнд уурхайг хаах үйл ажиллагаатай холбоотойгоор хүний эрүүл мэнд, байгаль орчин, нийгэм, эдийн засагт учруулж болзошгүй сөрөг үр дагаврыг арилгах арга хэмжээг нарийвчлан тусгана. Мөн уг төлөвлөгөөнд уурхайг түр болон бүрмөсөн хаах арга хэмжээг иж бүрэн хамруулах бөгөөд уурхайг хугацаанаас нь өмнө хаах тохиолдолд ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хаалтын үйл ажиллагаа, түүнд шаардагдах зардлыг бүрэн хариуцна.

Уул уурхайн төслийг хэрэгжүүлж эхлэхийн өмнө буюу техник-эдийн засгийн үндэслэл боловсруулах үе шатаас эхлэн уурхайн хаалтын менежментийг төлөвлөх шаардлагатай бөгөөд уурхайн хаалтаар дараах асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай. Үүнд:

  • Нөхөн сэргээлт хийх талбайн хог хаягдал, овор хэмжээ ихтэй том чулуулгийг цэвэрлэж, зайлуулах

  • Ухсан газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, тэгшлэх;

  • Овоолгуудыг тэгшлэх, хэлбэршүүлэх;

  • Ашигт малтмалын баяжуулах, боловсруулах үйлдвэрт ашигласан химийн хорт бодис агуулсан хаягдлыг саармагжуулах, хоргүйжүүлэх;

  • Химийн бодис, түүний үлдэгдэл болон хорт бодис агуулсан хаягдлыг зохих журмын дагуу устгах;

  • Уурхайн үйл ажиллагаанд өртөж, эвдэрсэн газрыг цаашид аж ахуйн тусгай зориулалтаар ашиглах боломжтойгоор техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг иж бүрэн төлөвлөх;

  • Нөхөн сэргээлт хийх явцад тухайн газрын үнэ цэнэ бүхий онцлог шинж чанар /түүх, соёлын дурсгалт зүйлс, улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг г.м/-ыг хадгалан үлдээх;

  • Уурхайн үйл ажиллагааны явцад бий болсон барилга байгууламж, дэд бүтэц, техник тоног төхөөрөмжийг цаашид аль болох үр ашигтайгаар ашиглах шийдлийг зөв тодорхойлж хэрэгжүүлэх;

  • Уурхайг хааснаас үүдэн гарах нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагаврыг бууруулахад чиглэсэн арга хэмжээг урьдчилан төлөвлөж хэрэгжүүлэх;

  • Уурхайн хаалтын дараа тэнд ажиллаж байсан ажиллагсдыг шинээр ажлын байртай болоход нь туслах, сургалтад хамруулах, тэднийг шинэ газар руу нүүлгэн шилжүүлэх ажлыг тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулах; 8.1.11.Төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн хаалтыг бүрэн хийсний дараа уг газрыг аж ахуйн бусад зориулалтаар ашиглахад үр өгөөжтэй, тогтвортой байхаар нөхөн сэргээж үлдээх;

  • Уурхайг хааснаас хойш нөхөн сэргээлт хийсэн газарт урт хугацаанд хийх хяналт-шинжилгээний ажлыг нарийвчлан төлөвлөж, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тухайн орон нутгийн тусгай дансанд байршуулах;

  • Төсөл хэрэгжүүлэгч нь уурхайн хаалтын нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн дуусгасны дараа байгаль орчны аудитын дүгнэлт болон аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны дүгнэлт гаргуулж, тухайн орон нутгийн холбогдох байгууллагад зохих журмын дагуу хүлээлгэн өгөх


Зургийн цомог